Sunday, November 8, 2009

Тавилан

-Монголын үргэлжилсэн үгийн зохиолчдын хоёр үеийн төлөөлөл болох уран бүтээлчдийн өгүүллэгээс танд хүргэж байна. Энэ намрын оюуны өгөөж болог-

Тэнгэрт хөөрөх далавчтаны тавиланг
Газарт мөлхөгч эс үзмүй
Газарт мөлхөгч амьтны тавиланг
Тэнгэрт хөөрөгч үл мэдмүй


Хөлгүй хөх тэнгис шиг хилгүй цэнхэр тэнгэрт тунамал шаргал нар тулганы гал шиг бадрав. Дэлгэрхэн тал нуга нарны туяанд хулдан тавираад, эгшигт салхинаа өнгийн цэцэгсийн тэргүүн бүжиг мэт найган, тансаг ялдамхан үнэр мэдрэхүйт бүхнийг согтоох ажгуу. Хур бороо шилбүүрдэн асгарч, хурц цахилгаан гагнуурын очис шиг үүл ярьж, хорвоо дэлхий хөрвөх шахан байсан тэрхэн үеийг газар ногоо, царцаа дэвхрэг, хүн амьтан аль хэдийнэ умартан, гагцхүү нарны халуун, цэцгийн үнэрт сэтгэл алдан, нүд мэлмэрэх авай.

Босон суух богширгын жиргээ орчноо тун содон сонсогдох хийгээд хээнцэрхэн цэцэгсийн өнгө баланд аль хэдийнэ согтон унасан шар эрвээхэй ертөнцийн амарлингуйд байсан нэг цэцгээс нөгөө цэцэгсийн туяхан дэлбээнд сэмбэгнэн буух нь яагаад ч юм нэгэн хөнгөн амьдралтны үнэн дүр нүднээ амилна. Бас ч зарим үед байгалийн зүй тогтол санамсаргүйгээр дүүрэн байдаг сан.

Хонхон цэцгийн уяхан дэлбээнд суун, зөөлөн салхины аясаар дүүжин даажин бүүвэйлэгдэх тэр нэгэн шар цоохор эрвээхэй тогосны өд мэт солонгорох далавчаа хааяахан сэвэн, орчин тойрноо анирдахуй анхилуун цэцэгсийн тансаг үнэрийг ямар нэгэн этгээд үнэр саармагжуулан ханхлахад амьтны зөнгөөр дээр дооргүй хараачлан, үнэрлэхүйн эрхтнээ улам ажиллуулах авай. Тэрээр өөрөө эрвээхэйн бяцхан авгалдайгаас өндийснөө үл мэдэх бөгөөд орчлонд сайн муу, сайхан муухай, хатуу зөөлөн, хар цагаан байдгийг ч үл мэднэ. Тиймээс зовлон жаргал, үхэл мөхөл, тэмцэл сөргөлдөөн байдаг эсэхийг ч үл төсөөлөх билээ. Хөөрхий ийм нэгний сониуч хараа шоргоолжны бутны хажууд болж буй зүйл дээр тогтжээ.

Тэр юу хэмээвээс, нөгөөх сонин хийгээд үл мэдэх өмхийрхүү үнэр гаргаж буй зүйл аж. Юу хэмээн дахин сайн ажиглаваас, жаран хөлт гэх зөөлөн биет үст хорхой даруй мөн бөгөөд түүний бүх биеэ хөөрөгт хөгжим шиг нэг атируулж, нэг сунган, амьдралтай тэмцэлдэн буй нь тун сонин. Түүнийг шоргоолж гэгч жижиг амьтан олныхоо хүчээр нэг ч урагш үл алхуулах агаад харин ч тал талаас нь чангаан чирэх нь сониуч эрвээхэйд зугаатай хийгээд бас харууштай санагдсаных бөлгөө.

Ямар нэг үйл лай гэнэт таарч, үй олон дайсны дунд орсноо ч сэхээрэх зав өгөлгүй үст хорхойг шоргоолжнууд чирэн үүр рүүгээ ойртуулна. Үүрт ойртох тутам шинээр шоргоолжнууд ирж, хүч улам нэмэгдэн чирэх нь хурдсах бөгөөд амь тэмцэн буй лайт хорхой бүх биеэ атиралдуулан хичнээн тийчлэвч тусыг эс олно.

Эрвээхэй энэхэн үед хүчтэний дэргэд хүчгүйн зовлонг анх харж, хөөрхий хорхойг өрөвдөх авч хэрхэн тус хүргэхээ ч мэдэх юмгүй дэмий л шимшрэн, бас сониучирхан ширтэнэ. Хүчинд илт автагдсан хөөрхий хорхой тэнхээ заран хичнээн хүч үзэвч тусыг эс олон, аажим аажмаар тамир мөхөсдөн шоргоолжны хар үүр рүү дөхөж буйгаа, үхлийн хонхортоо даруй хүрнэ гэдгийг амьтны далд зөнгөөр мэдрэвч яалтай ч бурхан ч эс өршөөх бөлгөө. Шоргоолжнууд улам арзганан олширч, чирэх нь түргэсэв.

Тэнхээ нэгэнт алдран буй үст хорхой амьд явах тэмцлийн эцсийн хүчээ шавхах мэт атиралдан ноцолдох авч амьсгал отголоход дөхөж, биеэ аль хэдийнэ сул орхисон бололтойг эрвээхэй хараад, алив амьтны үйл тавилан гэгч ямархан болохыг эс мэдэвч жигүүртэй төрснийх доод тивийн амьдрал надад огт падгүй гэх аядан нисэхийг завдавч, бас ч олон үзээгүй доод ертөнцийн тэмцэлдээнийг сониучирхах сэтгэл нь жигүүрийг нь хумин суулгасаар байв аа.

Гэнэт хаанаас ч юм хэсэг хуй эрчлэн гарч, нөгөөх шоргоолжны үүрийг тоос татуулан дайрсанд тэд тал тал тийш бужигналдах нь бас өрөвдөлтэй бөгөөд мөнөөх олзоо нэг хэсэг нь хаян гүйхэд өөр хэсэг нь зөрөн ирж шавааралдах аж. Энэ нь газрын амьдралын өвөрмөц сонин ч байж мэднэ хэмээн шохоорхон харах эрвээхэй үл тэвчин, алив амьтны хувь тавилан ийм л байдаг ажгуу гэхээс өөрийнх нь бие сулран ирэхүйг мэдэрмэгц газраар мөлхөн амьдрагч өнгө зүс муутай үст энэ амьтан ийм л заяа зурагтай биз, би ямар энэ биш, тэнгэрийн амьтан гэх хөгийн бодол хаанаас ч юм урсан ирэхэд сая хөх агаарт жигүүр дэлгэн хэсэг зуурт цэнгэлийг эдлэн нисэв ээ.

Амьтны тавилан гэгч ийм ажгуу.

  Дээ

No comments:

Post a Comment