Sunday, November 8, 2009

Монгол чацаргана сансарт ниссэн

Монгол чацаргана сансарт "ниссэн". Бас Чернобылийн дэлбэрэлтэд өртөгсдөд ээлээ өгсөн.

Энэ бол XX зууны 80-аад оны бараг домог байлаа. Бид өөрсдөө хэрэглээ болгосон нь бага. Чацарганы ликёр, дарс зэргийг хүртэх нь хүртдэг. Одоо л харин чацарганы ханд юм уу, ямар нэг бэлдмэлийг нь хэрэглэх боллоо. Хуванцар савлагаа бүхий "Шар доктор" нэртэй жүүс маягийн юм эхлээд 700 төгрөг байв. Нийслэлд өдөр өдрөөр түүний үнэ өсч байна. Уул нь чацарганы өтгөрүүлсэн шүүс ууж хүмүүс амин дэм болгох ёстой гэнэ. Гэтэл дээрх "Шар доктор" нь өдрөөс өдөрт шингэрч байна. Худалдаанд өтгөрүүлсэн, шингэлүүн гээд хоёр өөр үнэлгээтэй байгаа. Гэвч шингэн нь бүр шингэрч, өтгөн нь бас чанар муутай болж байна.


Ажилчны алдар талбайн дэргэдэх нэг дэлгүүрийн худалдагч "Үйлдвэр нь үнээ нэмээд байна. "Барс" зах дээр элсэн чихрийн үнэ нэмэгдсэн түүнээс боллоо" гэж байв. Дээрх чацарганы бэлдмэлийг хүмүүс ханиадны эсрэг дархлаанд сайн гэж худалдан авч хүүхэддээ авч өгч буй. Гэтэл элсэн чихрээс болон үнэ нэмж байгаа гэх. Ханиаданд чихэр, сахарыг улам муу нөлөөтэй гэдэг биз дээ. " Барс"-ын элсэн чихэр "Шар доктор"-той их найзалвал ч ханиад нэмэгдэх л байх. Чацаргана биш үнэ нь энэ жил сансарт нисэх бололтой доо. Адууны махны үнэ ч алхам алхмаар ахиж л байна. Шударга өрсөлдөөнийг хянан, зохицуулах газар л энэ бүгдийг журамлах гэсэн болтугай, болтугай.

Томуу тойрсон тохуурхал эхэлж ч байх шиг. Улаанбаатар дахь ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэхгүй байгаа. Орон нутагт ч адилхан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ үед Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль дэглэмийг зөрчин үйл ажиллагаа явуулж байв. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг үл тоосон тэдний үйл ажиллагааны эрхийг цуцлах тухай БСШУ-ны сайд ч санууллаа. Эцэстээ Шадар сайдтай тус сургуулийн ТУЗ-ийн америк нь уулзахдаа тулав. Хүмүүс Шадар сайдтай уулзаж суугаа америк эрийг харсан. Тэр чөлөөт америк зангаараа хандсан байх. Гэхдээ Монголын төр, засгийг, ард түмнийг илт доромжлоод , тохуурхаад байх шиг. Шадар сайдын албан өрөөнд хөлөө нэгэн дээр нь ачин суухдаа ул тавхайгаа хэт өндөрт гаргана билээ.

Дээхэн үед хүүхдүүд нэгэндээ "Герман толинд харах уу, чи" улаа харуулж тохуурхдаг шиг юм болов. Тэгээд бас манай сургуулийн хөтөлбөр өөр гэж ихэрхэв. Ямар ч сургуулийн хөтөлбөрөөс үл хамаарах томуугийн Н1N1 гэгч онцгой "хөтөлбөр" одоохондоо бүгдийг зохицуулах гээд байна. Тэр нь америк ч бай, монгол ч бай хэнд ч инээд биш ханиад юм. Манай Шадар сайдын байж байгааг дээ. "Та манай ёс жаягийг даг тэгээд ярилцъя" гэж чадахгүй л байна. Дэмий л бүлтэгнээд. М.Энхболд хэзээ ч Цагаан ордонд аль нэг газарт завилж, юм уу өрөөсөн хөл бохирч нөгөө өвдгөө босгон хүндэтгэлийн суудлаар сууж чадахгүй шүү дээ. Тэр америк Төрийн ордноос өөр газар, буудалд ч юм уу гадаа гудамжны сандалд, тэр сургууль даа тийн суугаа бол нэг хэрэг. Тохуурхал нь дэндэж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутагт орших тэр сургуулийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан ч яадаг юм бэ.

Хэрэв тэнд энэ томуу дэгдэх юм бол суралцаж буй хүүхдүүд л хохирно. Харийн хэн нэгний хэрээс хэтэрсэн тохуурхал, тоглоом нь монголчуудад шоглоом болж мэдэх юм.

Энд нэг тохуу үг дамжуулъя. ЭМЯ гэдэг хийдэд ЛАМ нэрт БАА хочит гавж, ЦОЛ нэрт МУУ хочит хандмаа сууж буйгаас сүсэгтэн олонд гай ба гахайн шуухнаа хүрлээ гэнэ. ОБЕГ гэх сүмийн тэргүүн нь хэт АМГАЛАН байж БАЯР-аа хэтрүүлснээр гамшиг нүүрлээд байна гэнэ. ХӨСҮТ гэх олон дацантай газрын нэг багш ламтан УРТ нэрт нь НАСАН өндөр болоогүй ч хааяа буйдраад байхаар халдварт өвчин хадгалагдах хугацаа нь урт наслаад байна гэх юм. Тохуу тоглоом тоотой нь дээр ч томууг дагаад тоймгүй болох дог янз нь. Гэвч адууны мах идэж, чацаргана хүртэх нь тохуурхал биш бололтой. Одоогоор Баян-Өлгий аймагт энэ цар тахлын тохиолдол бүртгэгдээгүй. Тэдний амьдрал адууны маханд амь холбоотой. Говь-Алтайд ч бас дэгдээгүй байна. Бигэрийн "Чацаргана" дарсаа бишгүй дээ л их уугаа биз дээ. Муу юмнаас хол байж, хоцорно гэдэгт муу нь юу нь байх билээ.

Амны хаалт арилжих ашигтай бизнес болсон. Харин архи балгачихаад самбай хаалт эрүүвчилчихээд явахад замын цагдаа нар анзаарахгүй гэж залуу жолооч нар тохуурхаж явна. Тийнхүү томуу юуг тоглоом тохуу тойрон тойрон эргэлдсээр байх нээ.

No comments:

Post a Comment