Sunday, November 8, 2009

Нас баралт зуун хүн тутамд нэг байна

Хүний томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдвар энэ оны гуравдугаар сарын 18-нд Мексик улсад анх гарснаас хойш уг өвчин дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрээд байна.

Энэ сарын эхний байдлаар дэлхийн 414000 хүн уг вирүсийн халдвар авч өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Одоогоор тэдний 5000 гаруй нь нас барсныг ДЭМБ бүртгээд байгаа юм. Дэлхий нийтийг цочроогоод байгаа энэхүү цар тахал манай улсад өнгөрсөн сарын 12-нд анх бүртгэгдсэнээс хойш cap хүрэхгүйн хугацаанд дөрвөн оронтой тоонд тулж ирээд байна. Өчигдрийн байдлаар томуугийн цар тахлын А хүрээний H1N1 вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 750, хөдөө орон нутагт 200, нийт 950 боллоо. Мөн 17 аймагт томуугийн цар тахлын A хүрээний Н1N1 вирүсийн халдвар бүртгэгдээд байгаа. Архангайд найм, Баянхонгорт гурав, Булганд долоо, Говьсүмбэрт 16, Дархан-Уулд 23, Дорноговьд 23, Дорнодод 13, Завханд гурав, Орхонд 15, Өвөрхангайд 17, Өмнөговьд хоёр, Сэлэнгэд 18, Төв аймагт арав, Увст зургаа, Ховдод 19, Хөвсгөлд нэг, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Харин Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад өвчлөлийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд 56 хүн эмчлэгдэж байна.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн байдлаар нийт 6346 хүн амбулаториор үйлчлүүлснээс 1417 буюу 22.3 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг хийлгэжээ. А хүрээний H1N1 вирүсийн халдварын нас баралт ес бүртгэгдсэнээс Улаанбаатарт долоо, Булган, Өмнөговь аймагт тус бүр нэг байгаа юм.

Хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн бямба гаригт хуралдан цар тахлын вирусийн эсрэг авч байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар клиникийн эмнэлгүүд, Яаралтай түргэн тусламжийн төв, амаржих газрууд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, өрхийн эмнэлгүүдийг шалгасан ажлын явцаа танилцуулсан байна. Үүнд хэвтэн эмчлүүлэх жирэмсэн эхийн тоо нэмэгдсэн. Эмнэлгүүдэд A хүрээний H1N1 вирусийн халдварын клиник шинж тэмдгийг үндэслэн оношлох чиглэл өгснөөс хойш вирус илрүүлэх лабораторийн шинжилгээг хэвтэн эмчлүүлэгчдэд хийхгүй болсон. Энэ нь Клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт онош бүрэн баталгаажуулах боломжгүй болсон аж.

Мөн эмнэлгүүдэд амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, халууны шил, хэл дарагч, амьсгал тоологч хүрэлцээгүй байсан гэнэ. Түүнчлэн өрхийн эмнэлгүүдэд ажиллах ёстой эмч нараас 166 нь хуваарилагдсан газартаа өнөөг хүртэл очоогүй байгааг хэлэлцжээ. Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хуралдааны дараа цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн юм. Томуугийн A хүрээний Н1N1 вирүсээр жирэмсэн эхчүүд өвчилж байгаа учир онцгой анхаарах, резидент эмч нарыг бүрэн ажиллуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр өрхийн эмнэлэгт ажиллаагүй бол эмчлэх эрхийг нь цуцална. Мөн Сувилахуйн ухааны сургуульд эмч нарын баг ажиллуулж Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх их, дээд сургуулийн оюутнуудад үйлчлэх, тусгай галт тэрэг гарган Замын-Үүд, Эрээн хотоос 1000 гаруй монгол иргэнээ авчрах, нийтийн тээврийн хэрэгслийн ариутгалыг сайжруулах, шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа байцаагчдыг халуун хэмждэг аппаратаар хангах, эмч нарын илүү цагийн мөнгийг шилжүүлэлгүй цаг алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.
 
Эмнэлгүүд амьсгалын аппараттай боллоо

Гахайн ханиад хурдацтай тархаж байгаа энэ үед эмнэлгүүдэд амьсгалын аппарат дутагдалтай байгаа. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, томоохон эмнэлгүүд амьсгалын аппараттай боллоо. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдан эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авч эхлээд байсан. Энэ нь үр дүнгээ өгч Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор авчирсан амьсгалын аппаратыг нисэх онгоцны буудлаас эмнэлгүүдэд шууд хуваарилсан байна.
ХБНГУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн 20 ширхэг аппаратыг LABTECH, Сетунари компани оруулж иржээ. Дараагийн ээлжинд ирэх аппаратыг хөдөө орон нутагт хуваарилахаар төлөвлөсөн байна.

Томуугийн А хүрээний H1N1 вирүсын халдвартай тэмцэхийн тулд Засгийн газрын гаргасан саналыг УИХ хэлэлцэх шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмж зэргийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн юм.
 
Шадар сайд томуугийн эсрэг хэрэгжүүлж байгаа ажлыг шалгав

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд уржигдар оюутны байр, өрхийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, эмийн сангаар орж байдалтай танилцлаа. Тэрээр ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг дээрх газрууд биелүүлж, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн ажиллаж байна гэж дүгнэлээ. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар 50 орчим эмийн санд байнгын эмч ажиллуулж, зөвлөгөө өгүүлж байна. ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн дотуур байранд жижүүр эмч гарган оюутнуудын биеийн байдалд байнгын хяналт тавьж ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа нь сайшаалтай байна гэв.

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байрлах Эмийн зөвлөгч өрхийн эмнэлэг 3300 орчим хүнд үйлчилдэг. 24 цагаар дөрвөн эмч ажиллаж байгааг Шадар сайдад танилцуулан юм.

Цаашид өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээгээ улам сайжруулахыг Шадар сайд холбогдох байгууллагуудын удирдлагуудад зөвлөсөн байна.

"Цар тахлын эсрэг хамтдаа" хандивын данс ажиллаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай хүн амын дөрвөн хувьд хүрэлцэх вакцин ирүүлэхээр урьдчилсан байдлаар тогтсон. Гэсэн ч уг өвчинтэй нүүр тулан тэмцэж буй эмнэлгийнхэн, хүн амын эрсдэлтэй бүлгийнхэнд хүрэлцэхгүй. Тиймээс хүн амын шаардлагатай хэсэгт хүрэлцээтэй вакцин худалдаж авах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, эмзэг бүлгийг дэмжихэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын данс нээжээ.
Цар тахлын дэгдэлтийг хяналтандаа байлгах, хүн амыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх, тус халдвартай тэмцэх, даван туулахад иргэд, аж ахуйн нэгж, компани, төрийн бус, шашны болон бусад байгууллагуудын дэмжлэг, туслалцаа, оролцоо зайлшгүй хэрэгтэйг холбогдох газраас хэлж байна. Хандивлагчдын нэр, хөрөнгийн зориулалт, зарцуулалтыг нээлттэй мэдээлэх болно.

No comments:

Post a Comment